My Journalism : Нийслэлд шилжин суурьшигчдаас хураамж авъя!

Нийслэлд шилжин суурьшигчдаас хураамж авъя!

Нийслэл Улаанбаатар Монгол улсын нийт газар нутгийн ердөө 0,3 хувийг эзэлдэг ажээ. Гэвч энэ хотод манай орны хүн амын 40 орчим хувь нь аж төрдөг.

Хүн амын замбараагүй нягтралаас үүдэж нийслэлийн дэд бүтэц хүрэлцэхээ больж, хамгийн наад зах нь цахилгааны эх үүсвэрийн асуудал, замын хөдөлгөөн, төрийн үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхээ больжээ.

Машины түгжрэл, эмнэлэг, сургууль, бүртгэл, халамжийн үйлчилгээг иргэд маш бухимдалтайгаар хүлээн авч байна. Анхнаасаа хотын төлөвлөлт төгс биш учир хэзээ нэгэн өдөр одоогийнх шиг байдал үүсэх л байлаа.

ОДОО ЯАХ ВЭ?

Улаанбаатарыг нүүлгэх ажлыг нэгэнтээ ойрын хэдэн жилдээ хийж чадахгүйгээс хойш замбараагүй хүн амын нягтаршлаас сэргийлж нийслэлд амьдрахад хураамжтай болгох асуудлыг яагаад дахиж сөхөж болохгүй гэж.

Өнөөдөр, маргаашийн хоолны мөнгөө яая гэж байхад юун татвар, хураамж вэ гэж үү? Хэрвээ та ингэж бодож байгаа бол яагаад орон нутагтаа ажиллаж, амьдарч болохгүй гэж.

Нийслэл болоод томоохон хотуудын байнгийн оршин суугч эсвэл шилжин суурьшигч тухайн хотдоо татвар төлдөг жишиг олон улсад энгийн явдал билээ. Ингэлээ гээд энэ нь хүний эрхийг зөрчсөн асуудал огт биш бөгөөд харин ч хотын уугуул оршин суугчдын эрхийг хамгаалсан онцгой шийдвэр билээ.

Хэн ч түгжрэлтэй замаар зорчих, урт дараалалтай эмнэлэгээр үйлчлүүлэх, чихэлдсэн сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургахыг хүсэхгүй. Гэтэл хотын уугуул оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд хүн амын энэ их бөөгнөрөлөөс үүдсэн олон хүндрэл халдсаар байна. Үүний хамгийн том жишээ бол утаа, угаар. Амьдралаа дээшлүүлэх хүсэл, мөрөөдөлдөө автан хот бараадах ч үнэндээ энд ирээд таксины жолооч, орцны жижүүр, хог түүх гээд хэн хүний хүсдэггүй ажлыг хийж, нийслэлд яндан нэмж буй айл өрх багагүй бий.  

Уг нь олон улсын жишгээр манайх өмнө нь Улаанбаатарт шилжин суурьшигчдаас /том хүн 50 мянган төгрөг, хүүхэд 25 мянган төг/  мөнгөн хураамж авдаг байж байгаад хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэнээс энэ хураамжийг зогсоосон. Үнэндээ энэ хүний эрхийг зөрчсөн явдал уу,  үгүй юу гэдгийг дээр дурьдсан.

Үндэсний статистикийн газрын мэдээллээр 2010 оны байдлаар Улаанбаатар хот нийт 1,161,800 иргэнтэй. Энэ тоо 2009 онд 1,106,700 байжээ. Өөрөөр хэлбэл нэг жилийн дотор л манай нийслэлийн хүн ам 55 мянган хүнээр нэмэгджээ. Гэхдээ жил бүрийн өсөлт харьцангүй янз бүр ч 2001-ээс 2010 он хүртэл буюу 10 жилийн дотор нийслэлийн хүн ам 370 мянган хүнээр нэмэгджээ. Тэгэхээр энэхүү хурдтай өсөлтөөс үүдсэн дэд бүтцийн асуудлыг манай төр засаг шийдэж чадаж байгаа билүү. Мэдээж үгүй. Тэгэхээр Нийслэлд шилжин суурьшигчдаас хот тохижилт, бусад дэд бүтцийг шийдэх тодорхой хэмжээний төсөв бүрдүүлэх үүднээс яагаад хураамж авч болохгүй гэж.

Цуглуулсан мөнгөөрөө Уланбаатарчуудад тулгамдаж байгаа олон асуудлыг хамтдаа шийдэж болно шүү дээ.

Хамгийн түрүүнд автомашины зогсоол,  хогийн сав, нийтийн бие засах газар, ногоон байгууламжуудын, гэрэлтүүлгийн тоог нэмэх, орон сууцны хороолол дундах явган хүний замуудыг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод, хүүхдээ тэргэн дээр түрсэн аав, ээжүүдэд зориулсан  зориулалтын шат, гарц, зам нэмэх гээд нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралд тулгамддаг энгийн хэрнээ олон ярвигтай асуудлуудыг шийдэж болмоор.  

Уг нь нийслэлд шилжин суурьшигчид татвар төлдөг болно хэмээн өнгөрсөн хавраас дахин яригдаж эхэлсэн ч  асуудал нам жим болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга О.Машбатаас тодруулахад “УИХ-аар хэлэлцэхээр яригдаж байгаа Төсвийн тухай хуулийн төслийн 22 дугаар зүйлд энэ асуудал тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл хот татвартай болох тухай энэ зүйлд заасан. Хэрвээ энэ хууль батлагдчихвал бид нийслэлийн татварын асуудлаар дахин бие даасан хууль боловсруулах юм” гэв. Түүнээс нийслэлийн оршин суугчдаас бүгдээс нь татвар авах уу, эсвэл шинээр шилжин суурьшигчдаас авах уу гэж тодруулахад “хуулийн төслийг бид анхны байдлаар боловсруулсан. Гэхдээ үүнийг улам засч сайжруулах хэрэгтэй байгаа. Ямартай ч бид олон улсын жишгийг даган хоёр төрлийн татвар авахаар ярилцаж байна. Нэгдүгээрт, нийслэлд шинээр шилжин суурьшигчдаас, хоёрдугаарт хотын төвийн бүсүүдийн үл хөдлөхүүдээс татвар авахаар ярьж байгаа. Хотын төвийн байшин, барилгуудаас татвар авна гэдэг нь төв хэсэгт хэт их шавсан байшин барилгын тоог бууруулах буюу хотыг тэлэх зорилготой гэсэн үг. Гэхдээ энэ зөвхөн төслийн шатандаа явж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Хэрвээ УИХ-ын гишүүд Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг одоогийн хэвээр нь баталвал үүнтэй холбоотой бие даасан хуулийн төсөл УИХ-д өргөн баригдах юм байна.

Үнэхээр л нийслэлд шилжин амьдрахыг хүссэн бол яагаад өөрийн болон бусдын эрх ашгийг хүндэтгэн тодорхой хэмжээний татвар, хураамж төлж болохгүй гэж. Уншигч та бүхэн юу гэж бодож байна?


Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn

GOGO URL - http://news.gogo.mn/r/96228


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Алтанбагана (зочин)

Сайн байна уу? Ч.Болортуяа

Таны дээрх нийтлэл (Нийслэлд шилжин суурьшигчдаас хураамж авъя!)-ийг уншлаа. Уншаад зарим санал бодлоо солилцоё гэж бодлоо. Юуны өмнө таны нийтлэлийг шууд шүүмжлэхийг зорилго болгоогүй юм шүү. Хувь хүний чинь хувьд та нийтлэлээрээ илэрхийлсэн үзэл бодлыг тань хүндэтгэж байна. Судалгаа хийх явцдаа гарсан үр дүн, бодол санаагаа нэгтгээд Таны энэ нийтлэлийн агуулгатай ойролцоо нэг нийтлэлийг миний бие бичсэн. Амьдрал өөрөө олон хэв шинжтэй баялаг байдаг. Гэхдээ миний хувьд УБ-д шилжин ирэгсдээс татвар авах нь УБ-д амьдарч байгаа хүмүүсийн хувьд эерэг боловч нөгөө талдаа шилжин ирж байгаа иргэд нь гадна дотны нөлөөллөөс шалтгаалан аргагүйн эрхэнд шилжин ирж байгаа дүр зураг ажиглагдаж байгаа. Хот өнцгөөс харвал таны зөв юм. Аливаа иргэн тухайн нутагтаа олон жил амьдраад ямар нэгэн байдлаар шилжилт хөдөлгөөн хийх "шийдвэр гаргах" нь өөрөө 2 талтай. Нэгд: шууд утгаар "тансаглал", хоёрд: амьдархын эрхээр ажлын байр, хот суурин газар бараадах. Тэгэхээр Монголын өнөөгийн амьдарлын нөхцөл байдал ямар байгаа билээ. Миний бодлоор одоохондоо УБ-д орж ирж байгаа иргэдээ харин ч "бүртгэлжүүлье", харин ирээдүйд бүсчилсэн хөгжлийн бодлогоор баруун, хангайн, зүүн бүсүүдэд УБ хоттой дүйцхүйц үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсрол, аж үйлдвэрийн парк бүхий хотуудыг байгуулсны дараа буюу амьдарлын тогтвортой суурийг бүрдүүлсний УБ-д шилжин ирэгсдэд татвар ногдуулах эрхзүйн орчныг бүрдүүлэхэд болохгүй юм байхгүй гэж бодно. Энэ талаарх миний бичсэн зарим нийтлэлтэй доорх блогоос танилцаж санал бодлоо солилцоно гэдэгт илтгэлтэй байна.

http://altanbagana44.blogspot.com/2012/05/blog-post_5239.html

Хүндэтгэсэн

М.Алтанбагана
altanbagana44@gmail.com

Маагаа (зочин)

Сайн байна уу?
Энэ жинхэнэ утгаараа хүний эрхийг зөрчиж байна гэж бодож байна. Үндсэн хуульд заасанаар бол Хүн хүссэн газраа шилжин суурьшин амьдрах эрхтэй гэсэн болохоос нийслэлийнхэн нийслэлдээ амьдрах эрхтэй гэж заагаагүй. Иймд нийслэлийнхэний эрхийг хамгаалж байна гээд шилжин ирж байгаа иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг хааж болохгүй.

Шилжин ирж байгаа иргэдийн ямар шалтгаанаар ирж байгааг сайн анхаарах хэрэгтэй. Яг үнэндээ хөдөө аймаг суманд амьдрал алга байгаад л асуудал байна.

Бид үнэндээ УБ анхаараад хөдөөгөө хаячихсанд байгаа гэж бодож байна. Орон нутагд иргэдэд орлого олох боломж хэрэгтэй байх. Хот хөдөөгийн ялгааг арилгах хэрэгтэй. Тэгэж байж энэ төвлөрлийг багасгана шүү дээ хө.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)